Sunday, February 15, 2015

эрдэм шинжилгээний хурлын мэдээ




“МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААНЫ ДИДАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ”          
 эрдэм шинжилгээний хурлын мэдээ
            Монгол улсын боловсролын их сургууль (МУБИС), Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ), Боловсролын үнэлгээний төв (БҮТ) хамтран “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам”  сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 2 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд БСШУЯ-ны Стратеги, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУБИС-ийн дэд захирал Х. Тамир, БМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа, Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Аззаяа нар оролцож, үг хэллээ.
Эрдэм шинжилгээний энэ хуралд МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль, Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролийн сургууль, БМДИ, БҮТ, МУИС, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Боловсролын хүрээлэн,  “Ховд” их сургууль, “Отгонтэнгэр” дээд сургууль,  “Гурван эрдэнэ”  дээд сургууль, “Зохиомж” дээд сургууль, “Дорнод” дээд сургууль,  нийслэл болон хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн математик, байгалийн ухааны багш, судлаач болох нийт  120 хүн оролцлоо.
 Хурлыг нэгдсэн хуралдаан, “Математик, байгалийн ухааны багшийн тулгамдсан асуудал,  шийдэл, арга зам”, “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам”, “Математик, байгалийн ухааны боловсролын үнэлгээний тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” гэсэн гурван салбар хуралдаантайгаар  МУБИС-ийн хичээлийн 3 дугаар байранд зохион байгууллаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний энэхүү хурлын дөрвөн хуралдаанаар математик,  байгалийн ухааныг судлах, суралцах, багшлахад манай орны цэцэрлэгийн багшаас их сургуулийн профессор хүртэлх бүхий л түвшний багш нарт тулгарч буй бодит асуудлыг олж дэвшүүлсэн, тэдгээрийн шийдлийн үндэслэл, хувилбарыг боловсруулсан, математик, байгалийн ухааны боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх арга замыг олохыг эрэлхийлсэн нийт 78 илтгэлийг  сонгон авч хэлэлцэн, эмхэтгэж олны хүртээл болгов.
Энэхүү хурлыг төлөвлөх, зохион байгуулах, мэдээлэл түгээх, илтгэл хүлээж авах, илтгэгчид эргэн мэдээлэх, урилга түгээх, урих зэрэг бүхий л үйл ажиллагааг явуулахдаа аль болох  “эко, ногоон” байх үзэл хандлагыг баримталж,  цаасыг бага ашиглаж цахимыг их хэрэглэхийг эрхэмлэн ажиллав. Ингэхдээ байгууллагын сайтуудын зэрэгцээ  нийгмийн сүлжээний их боломжийг өргөн ашиглав. Нийгмийн сүлжээг ашиглагчдад хандсан http://didacticsconference.blogspot.com  блогийг хуралд зориулан  нээж ажиллуулав.
Судалгааны үр дүн, илтгэл хэлэлцүүлэхэд явцад гарсан санал, зөвлөгөөг үндэслэн БСШУЯ болон холбогдох бусад байгууллагад математик, байгалийн ухааны боловсрол, дидактикийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөмж гарган хүргүүллээ.

                                 Хурал Зохион Байгуулах Комисс

No comments:

Post a Comment