Sunday, March 8, 2015

Зөвлөмж

Зөвлөмж
“Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдаан болон салбар гурван хуралдааны хэлэлцүүлгийн тэмдэглэл, хуралдааны чиглүүлэгчийн тэмдэглэл, хурлын хаалтын нэгдсэн үйл ажиллагааны хэлэлцүүлгийн үед оролцогчдоос гарсан саналыг үндэслэн тус хурлаас дараахь зөвлөмжийг гаргав. Үүнд:
Нэг. Сурах бичгийн чанарыг сайжруулах талаар
-Сурах бичгийн агуулга хүнд, бас алдаа ихтэй  байгааг засаж сайжруулах,
-Ерөнхий боловсролын математик, байгалийн ухааны хичээлийн сурах бичгийн нэр томьёо, үг хэллэг, найруулга хийгээд агуулгын нийцлийг сайжруулах,
-Ерөнхий боловсролын математик, байгалийн ухааны хичээлийн сурах бичгийн эхийг мэргэжлийн байгууллагаар хянуулах, хэлэлцүүлэх, улмаар мэргэжлийн шүүмжийг эрхэмлэн үзэх соёл, хандлагыг төлөвшүүлэх,
-Сурах бичиг судлалыг хөгжүүлэх, дэмжих,
-Сурах бичгийн нэр томьёоны үндэсний хороог мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулах, холбогдох зардлыг төсөвлөх, үйл ажиллагааг тогтмолжуулах.
Хоёр: Сургалтын хэрэглэгдэхүүний чанарыг сайжруулах чиглэлээр
-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад өргөн хэрэглэгдсээр ирсэн сурах бичгийн бус сургалтын материал, ном, гарын авлагад хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, албан сургалтад хэрэглэгдэх тохиолдолд түүнд БСШУЯ, түүнээс эрх олгосон байгууллага зөвшөөрөл өгдөг соёл, хандлагыг төлөвшүүлэх,
-Математик, байгалийн ухааны сургалтын уламжлалт болон цахим хэрэглэгдэхүүний дидактик шийдлийн оновчтой байдлыг сайжруулах.
Гурав: Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн чанарыг сайжруулах чиглэлээр
-       Үзэх агуулга ихсээд байхад судлах цагийн хэмжээ хэвээр байгаа байдалд задлан шинжлэл хийж, үндэсний түвшинд дидактикийн оновчтой шийдэл, арга замыг олох,
-       Боловсролын бүх түвшинд математик, байгалийн ухааны хичээлийн агуулгын залгамж холбоог сайжруулах, алдаатай төсөөллийг багасгах, ийм байдал гарахгүй байх механизмыг бүрдүүлэх чиглэлээр багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, үнэлгээ, оношлогооны байгууллагуудын хамтын ажиллагааг бодитой сайжруулах, хамтарсан судалгааг эрчимжүүлэх,
-       Боловсролын бодлого, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хөгжилд уламжлал, шинэчлэлийн уялдаа холбоог хангах, контекстгүй концепциас зайлсхийх соёл, хандлагыг мэргэжлийн бүлд төлөвшүүлэх.
Дөрөв: Багшийн ажлыг чанаржуулах чиглэлээр
-   Багшийн ажлын хөлс, цалинг бодитой тооцож нэмэгдүүлэх,
-   Математик, байгалийн ухааны хичээлийн багшийн ажлын ачааллыг бодитой тооцож, түүний онцлогийг хөдөлмөрийн хөлсөнд тооцох арга замыг олох,
-   Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хүйсийн зохисгүй харьцаа (10 багшийн 9 нь эмэгтэй)–г өөрчлөх, улмаар эрэгтэй багшийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр алс хэтийн бодлого хэрэгжүүлэх,
-   Багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх, багш мэргэших ажлын уялдаа холбоог сайжруулах, улмаар багшийн мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулж мөрдөх,
-   Багш мэргэжлээр элсэн суралцах оюутанд тавих шаардлагыг багшийн ажлын онцлогт уялдуулан нарийвчлан тогтоох, улмаар багш мэргэжлээр суралцах оюутан улсын бүрэн тэтгэлгээр суралцдаг болох бодлогыг үндэслэх, хэлэлцүүлэх, баталгаажуулах,
-   Ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийн агуулгын оновчтой байдлыг сайжруулах, уялдаа холбоо, ач тус, хэрэглээг нэмэгдүүлэх.
Тав. Үнэлгээг оновчтой болгох чиглэлээр
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн сурлагын амжилтын үнэлгээний бодитой байдлыг нэмэгдүүлэх, хуурмаг байдлыг засах чиглэлээр “бодитой үнэлгээ” аян, арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
-Элсэлтийн нэгдсэн шалгалтын онооны бодитой байдлыг нарийвчлан тогтоох, улмаар түүний сургалтад үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах талаар судалгаанд үндэслэсэн бодлого хэрэгжүүлэх,
-Багш нарт сурлагын амжилтын үнэлгээнд оношлогоо хийх замаар ажлаа чанаржуулах арга ухааныг эзэмшүүлэх сургалтыг бүхий л шатанд зохион байгуулах.
 Зургаа. Судалгааг дэмжих чиглэлээр
-Судалгаа үгүйд бодлого үгүй. Бодлого үгүйд үйл үгүй. Энэ үзэл, зарчмыг математик, байгалийн ухааны боловсрол, хичээл, сургалтын хөгжилд хандсан бүхий л шийдвэрт баримтлах хандлага, соёлыг үндэсний түвшинд төлөвшүүлэх,
-Математик, байгалийн ухааны боловсрол, сургалтын байгууллага, мэргэжлийн бүлийн харилцан ойлголцлыг бий болгоход чиглэсэн хамтын ажиллагаа, хамтарсан судалгааг бүхий л түвшинд бүх чиглэлээр хөгжүүлэх,
-Математик, байгалийн ухааны боловсрол, дидактикийн чиглэлээр хэрэгжүүлэх төслийг цөм технологи, инновацийн төсөлд хамруулан үзэж, санхүүжүүлэх,
-Математик, байгалийн ухааны хичээлийн дидактик шийдлийн үндэсний санг бүрдүүлэх, энэ чиглэлээр үндэсний түвшинд судалгааны төсөл хэрэгжүүлэх,
-Боловсролын үйлчилгээний чанарт хүчтэй нөлөөлж байдаг багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх, сурах бичиг зохиох, үнэлгээ, оношлогоог хийх гэсэн хувьсагчуудын харьцаа, хамаарлыг тогтооход чиглэсэн судалгааг тасралтгүй явуулах, түүний үр дүнг бодлогод тусгах,
-Математик, байгалийн ухааны боловсролын чанарыг сайжруулах, тулгарч буй асуудлыг илрүүлэх, шийдлийн хувилбар боловсруулах, арга замыг олох, мэргэжлийн бүлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран жил бүр эрдэм шинжилгээний үндэсний хурлыг уламжлал болгон зохион байгуулах, холбогдох зардлыг төсөвлөх.

                                                                       -ooo-