Thursday, September 3, 2015

хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодит нэгэн зам


МУБИС-ийн Удирдлага, хөтөлбөрийн албаны дарга нар Дидактикийн тэнхмийн багш нартай хийсэн уулзалт, ярилцлагад эрхлэгчийн хийсэн товч мэдээлэл

 

            Энэхүү уулзалт, ярицлагад хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. 

Дидактикийн тэнхмийн багш нартай хийж буй энэхүү уулзалтад МУБИС-ийн захирал, дэд захирал, хөтөлбөрийн төв албаны дарга хийгээд бусад сургуулийн хөтөлбөрийн албаны дарга нар оролцож байна. Тэнхмийн түвшинд ийм бүрэлдэхүүнтэй уулзалт, ярилцлага болох нь тийм ч түгээмэл биш байдаг. Иймд тус тэнхмийн хамт олон  бид ховорхон тохиох ийм нэгэн уулзалт, ярилцлагын хэсэг байж, гэрч болж байгаад баяртай байна.

Төрийн бодлого, түүний хэрэгжилт нэгж, тэнхэмд  хүрч байж л бодит шийдлээ олдог,  бодиттой амилдаг. Энэ хүртлээ бодлого  чухамдаа үг төдийхэн, бас цаас төдийхэн л байх.  Үгэн, цаасан тэр бодлого нэгж, тэнхэмд хүрч байж л үйл, үйлс болдог. Шинэ төр засаг, сургуулийн шинэ удирдлагаас боловсролын салбар, багш боловсролыг чанаржуулах чиглэлээр авч хэрэгжүүлж  ирсэн арга хэмжээ, “хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ” гэсэн уриа, үндсэн бодлогыг нэгжид оновчтой шийдлээр үйл, үйлс болгон хэрэгжүүлэхэд тус тэнхэм бусдынхаа нэгэн адил хичээнгүйлэн ажиллаж ирлээ.

Агуулгын дидактик хувиргалт. Энэ үг хэллэг шинэ бодлогыг бодит  үйл, үйлс болгон хувиргасан бидний шийдлийн язгуур утгыг илтгэнэ. Шинжлэх ухааны агуулгыг хүүхдийн танин мэдэхүйн түвшний онцлогт нийцсэн үйл ажиллагаа болгосон хувиргалтаар сэдвийн дидактик бий болно.  Сэдвийн дидактик тэгэхээр агуулгын дидактик хувиргалтын үр юм.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх  бодлого агуулгын дидактик хувиргалт, сэдвийн дидактикаар л бодит үйл, үйлс болно. Үүнд бид итгэдэг.

Ийм учраас, агуулгын дидактик хувиргалтыг хийх, сэдвийн дидактикийг боловсруулах нь тэнхмийн сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хийгээд бүхий л ажил үйлсийнх нь хөтөч болж байна.  

“Агуулгын дидактик хувиргалтыг хэрхэн хийх вэ, сэдвийн дидактикийг хэрхэн боловсруулах вэ? Эдгээр асуулт тус тэнхмээс эрхлэн явуулдаг  “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” их семинарын хэлэлцэх үндсэн асуудал болж байна. Мөн тэр тэнхмийн магистр, докторын ажлынх сэдэв, судалгааных нь асуулт болж байна.

Дидактик нь агуулгын дидактик хувиргалтаар хэнд ч юуг ч эзэмшүүлж болох үзэгдлийн зүй тогтлыг судалдаг их ухаан юм.  Ийм учраас сэдвийн дидактик нь дидактикийн сурах бичигт нэгэн том шинэ бүлэг болж байна.

Агуулгын дидактик хувиргалтыг хийх, сэдвийн дидактикийг хийх ур ухаан нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн арга зүйн үндсэн чадамж мөн. Ийм учраас тэр багшийг   чадамжтай болгон бэлтгэхэд чухал үүрэг бүхий дидактикийн хичээлийн шинэчлэлийнх нь амин сүнс болж байна.

Багш судлаачдын агуулгын дидактик хувиргалт, сэдвийн дидактикийн чиглэлээр олсон ололт, хийсэн ажил нь мэргэжлийн бүл, мэргэжлийн байгууллагын хамтарсан хурлынх нэгэн чухал агуулга болж байна.

Дидактик нь агуулгын дидактик хувиргалт, сэдвийн дидактик шийдлээр өөрийгөө илэрхийлэх их урлаг юм.  Ийм учраас, бид МБУС-ийн “Багшлах урлаг” сэтгүүлээр  энэ урлагыг  нийт багш нарт түгээхийг зорьж байна.

Агуулгын дидактик хувиргалтыг хийх, сэдвийн дидактикийг боловсруулах нь  багш, тэр тусмаа ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжлийнх нь ажлын үндсэн хэсэг юм. Багш агуулгын дидактик хувиргалтын үр сэдвийн дидактикаар үнэн ангаж байна.  Ийм учраас агуулгын дидактик хувиргалт нь математик, байгалийн ухааны хичээлийн дидактик шийдлийн үндэсний санг бүрдүүлэхийг зорьж буй судалгааны төслийн үндсэн санаа, эрэлт, хэрэгцээ нь болж байна.

Боловсролын чанар, язгуураараа, хичээлийн чанараас ихэд хамаарна. Хичээлийн чанар нь агуулгын чанараас тун их хамаарна. Агуулгын чанар агуулгын дидактик хувиргалтын чанараас шууд хамаарна. Агуулгын дидактик хувиргалтын чанар нь түүнд орж буй үйл ажиллагааны чанар, чансаанаас нь хамаарна. Боловсролын чанарын жинтэй, цэнэтэй хувьсагч агуулгын дидактик хувиргалт, сэдвийн дидактик нь  боловсролын бодлогыг нэгжийн түвшинд хэрэгжүүлэх оновчтой нэгэн арга зам, шийдэл юм. Энэ шийдэл боловсролын хөгжил, багш бэлтгэлд энэ цагийн бидний оруулж буй  оюуны нэгэн хувь нэмэр, бас үнэ цэнэ мөн.

 

Дидактикийн тэнхмийн эрхлэгч, професссор  Ц.Лувсандорж

 

2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр

 

 

 

ДИДАКТИКИЙН ТЭНХМИЙН БЛОГ